TALNUTAG

Дорнодын тал нутаг минь

Угсаатны уламжлалт хувцас, гоёл чимэглэл

2009-12-02 00:05

Угсаатны уламжлалт хувцас, гоёл чимэглэл
      Дорнод монголын угсаатан барга, буриад, үзэмчин, халх ястаны уламжлалт хувцас, гоёл чимэглэлийн эд зүйлийг толилуулж байна. Эдгээр нь XIX зууны сүүл, XX зууны эхэн үед хамаарах боловч тэдгээрийн олонх нь эдүгээ хэрэглэгдсээр байна.
Монгол хувцасны хөгжлийн тойм нь Хүннү нарын хувцаснаас эхтэй бөгөөд хув захтай, баруун гар тийш зөрсөн энгэртэй, сугандаа товч шилбэтэй дээл, ээтэн хоншоортой сөөхий гутал, агасарга бүс хэрэглэж байжээ.
Харин Түрэгийн үед дээл нь урдуураа задгай, буруу энгэртэй байсан бол Хятан нар нь зөв энгэртэй дээл, юүдэн болон хэв малгай өмсөх болжээ.
     XII-XIV зууны үед Монголчууд ташуу мөрөөлжин зөв энгэртэй, зүүн талдаа оноотой, баруун талдаа товч товчилдог, дээлтэй байв. Эмэгтэйчүүд нь богтог хэмээх өндөр оройтой, орой дээрээ шувууны өд хатгасан малгай өмсөнө. XV-XVII зуунд хувцасны хуучин хэв хадгалагдсаар байв.
     XVII-XX зуунд Монголчууд манжийн дарлалд орж тэдний хуульчлан тогтоосон хувцасыг язгууртнууд өмсөж хэрэглэх болсноор уламжлалт хувцсанд өөрчлөлт орж дөрвөлжин энгэртэй, хүзүү хоолойдоо таарсан босоо зах суга зах энгэртээ товч шилбэтэй дээл өмсөх болсон. Мөн Халх эхнэрүүд түнтгэр мөртэй дээл, задгай энгэртэй ууж, шүр сувдан хавчаар, дэргэр үсээр гоёх болжээ.
XX зуунд европ хувцас монголд орж ирснээр уламжлалт хувцсанд өөрчлөлт орсон. Монгол хувцсыг дотор нь өдөр тутмын, баяр ёслолын, тусгай зориулалтын хувцас хэмээн хувааж үздэг.
 
Үзэмчин эмэгтэй хүний уламжлалт хувцас, гоёл чимэглэл
     Энэхүү толилуулж буй угсаатны уламжлалт хувцсанаас үзэмчин ястны гоёл чимэглэл нэн арвин, баялаг ажээ. Тухайлбал,
Үзэмчин эхнэрийн шүрэн магнайвч Үзэмчин эхнэрүүд магнайвч буюу “татуур” хэмээх шүрэн гоёлыг өргөнөөр хэргэлдэг байжээ. Хар өнгийн торгон дээр пааландсан хээтэй чимэг хадаж шүр шигтгэсэн татуургыг зулай 3 ширхэг мөнгөн товчоор товчилж тогтооно. Татуурганаас унжлага гэх олон жижиг хэлхэн торлосон шүрэн тор хэлхэж мөнгөн чимэг бүхий олон жижиг шүрийг 10 салаа болгон хоёр талаар нь унжуулна. 
     Үзэмчин эхнэрийн сүйх нь эхнэр хүнийг охидоос сүйхээр нь ялгана. Үзэмчин эхнэрүүд гол төлөв бага зургаан мөнгөн сүйхийг өргөн хэрэглэнэ. 8 тахилын хээгээр чимэглэсэн байдаг.
 
Буриад эмэгтэй хүний уламжлалт хувцас, гоёл чимэглэл
     XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн Хори буриадын эхнэр дээл нь энгэр, ар, өвөр, цээж, хормой тэргүүтэн 8 хэсгээс бүрдэх болжээ. Буриад эмэгтэй дээлний үлгэр загварыг хүн гарынхаа алганы хэсгээс ухаалан гаргасан гэсэн домогтой. Буриад нөхөрт гараагүй басган хүний хувцасны эсгүүр хэлбэр, эхнэр хүний хувцаснаас ялгаатай байна. Эхнэр хүний хувцас нь бүсэлхийгээрээ нийлсэн цээживч, хормойноос бүрдэнэ. Дээлний энгэрийг нарийн гадаад хормойг хар бараан өнгийн эдээр хөвөөлөн өргөн эмждэг. Эхнэр хүний дээлийн ханцуй, мөр хуниастай, булуувч хэмээх хоргой торгон гоёл ханцуйд нь оруулж хуниас гарган залгана.
    Эхнэр хүний ар, мөрний хуниасыг 3 хос утсаар маш жигд хавна, хуниасыг хэрхэн гаргах нь дээлний үзэмж, ур хийцийг илтгэнэ. Буриад гэрлэсэн эмэгтэйн ёсны хувцас бол ууж юм. Эртний заншлаар, буриад авгай хүн эр хүн ялангуяа хадмын дэргэд малгай уужтай байх ёстой байжээ. Ага, Хорийн буриадууд түүнийг “уужа” хэмээн нэрлэнэ. Буриад эхнэр хүний өмсөж ирсэн уужийн төрөл нь урт богино хоёр янз байна. Богино ууж нь товчгүй боловч, дээд хэсэгтээ туузан уяатай, доод хэсэгтээ уяагүй, уужны ар тал өргөн эмжээртэй, урт буюу энгэр тал нарийн эмжээртэй байна. Урт ууж энгэртээ таван товчтой, ар, өвөр хоёр талдаа, бүсэлхийгээр торгон эдээр хийсэн гоёлогтой. Ар талдаа бүсэлхий гоёлоос доош задгай оноотой энгэр нь шулуун байна.
Буриад эмэгтэй хүний гоёл чимэглэлийг хадах байдлаар, Толгойн, чихний гэх буюу өлгөх байдлаар, Мөрний, энгэрийн, хажуугийн, бүсэлхийн, гарын чимэг хэмээн ангилдаг. Буриад эмэгтэйчүүд, үсээ шанхлан сүлжиж туйв хийж байв. Үснийхээ туйвыг хоёр шанаа хавьдаа хөндлөн хийнэ. Хос цагирган зүүлтийг малгайдаа гинжээр бэхэлнэ. Цагирганы доод талд нь мөнгөн тавтай шүрийг бэхэлсэн байх бөгөөд хоёр цагиргыг, гинжээр холбоно. Харин энгэртээ мөнгөн гуу зүүж, баруун ташаандаа бүсэлхийний гоёлогны дээд талаас 6 талтай мөнгөн хорол зүүнэ. Хоролны хоёр талын болон доод талын цагирганаас мөнгөн гинжээр холбон, мөнгөн хутга, чимхүүр, хулхивч, зүүний сав гэх зэргийг зүүнэ.

 

Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : **no name | Уншсан (916) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Кулипа :
    2011-11-03 20:46

    гоё байна өөр бусад угсаатны талаар дэлгэрэнгүй бичивэл сайн байна.

  2. MG :
    2010-07-06 12:27

    Ma manai blogoor zochlooroi http://mongol-gaihamshig.blogspot.com/

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл